Морь, хүн, чоно гурав

>> Saturday, October 31, 2009

Дийлдэшгүй, аюулт өстөн Чононоос Морь үргэлж айна. Цөхөрч дуусаад хүчтэй холбоотныг хайж, Чонотой дайсагналцдаг Хүн дээр ирж хамтрахыг хүсэв. Хэрэв Морь хамгийн гайхалтай хурдаараа туславал Чоныг авлахад бэлэн гэдгээ Хүн хэлжээ. Морь хамтарч, эмээл тохуулан хазаарлууллаа Тэд Чоныг даруй агнав.
Морь туйлаас баярлан Хүнд талархаад: "Өстнөө нэгэнт дарснаас хойш эмээл, хазаараа надаас авна уу, би эрх дураараа давхие" гэв.
Гэтэл Хүн чангаар инээд алдан: "Хэзээ ч үгүй шүү" гэж хариулан бөөр лүү нь давирч гэнэ.

The Foundation Trilogy by Isaac Asimov

Read more...

Dystopia or not?

>> Sunday, October 25, 2009

Төсөөлж, мөрөөдөж, түүнийгээ бодит биелэл болгохын төлөө эцэж цуцалтгүй тэмцдэг нь хүн гээч амьтны бусад төрөлтнөөс ялгарах онцлог юм даа. Тэд эхлэл, төгсгөл нь үл мэдэгдэх түнэр харанхуй орчлон ертөнцөд оршин тогтнохдоо багагүй цагийг ирээдүйн тухай бодолд зарцуулж, олдсон энэ амьдралаа утга учиртай, үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсдэгийн шалтгаан нь амьдралын үнэ цэнийг ухаандаа ортол ойлгосон оюун сэтгэлгээний мөн чанарт нь байдаг биз.


Ирээдүйн талаар элдэв янзаар ургуулан сэтгэх явдал хэзээ ч дундаршгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд төрөн гарсан сэтгэгчид, зөн билэгтнүүдийн хэвлүүлсэн ном зохиол, түүгээр ч үл барам Библь болоод буддын сургааль, номлол зэргүүд ч илтгэнэ. Зөгнөлт зохиолчдын энэ үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр ч асар их ажгуу. Жюль Вернээс авахуулаад Х.Уэллс, Ж.Р.Толкиен, У.ЛеГуйн, А.Азимов, П.Дик нарын сэтгэгчдийн бүтээл туурвилд мөнхөрсөн уран зөгнөлийн зарим нь өдгөө бодит биеллээ олж байх жишээтэй.


Хачирхалтай нь, соёл иргэншлийн хөгжлийг алмайртал зөгнөсөн байдаг атлаа оршин буй улс төрийн систем, шашны урсгал, үзэл суртал гэх мэт зүйлс нь өнгөрснөөс өчүүхэн ч өөрчлөгдөлгүй өнөөх гайхамшиг болсон газарт бахь байдгаараа уламжлагдаад ирчихсэн байдаг нь зохиолчдын бүтээл туурвилаас нэвт харагддагийн учир юу вэ? Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг элдэм янзаар зөгнөн бичиж, уран сайхнаар дүрсэлж чаддаг хэрнээ оршин буй нийгмийн улс төрийн тогтолцоо, зан заншил, үзэл суртлыг тэрхүү зөгнөлт ертөнцдөө яг тэр хэвээр нь аваачиж дүрсэлчихээд байдаг нь сонирхолтой. George Orwell-ын Nineteen Eighty-Four зохиолд хүмүүс улс төрийн ялгаатай дэглэм бүхий дэлхий ертөнцөд амьдран буй тухай, Isaac Asimov-ын Foundation series галактикийн уудмын нэг хэсэгт бүгд найрамдах засаглал бүхий одот ертөнц оршин байхад, нөгөө нэг хэсэгт хаант засаглал бүхий одот ертөнцийг нэгтгэсэн улс оршин тогтнож байдаг тухай, Herbert Wells-ын The Time Machine зохиолд нэг нөхөр нийгмийн анги давхарга бүрээр ялгаатай соёл иргэншлүүдээр аялж буй тухай, Kim Stanley RobinsonMars Trilogy зохиолд хүмүүс Ангараг гариг дээр кастын систем бүхий улс төрийн тогтолцоо байгуулахаар тэмцэлдэж буй тухай өгүүлдэг. Чухам үнэндээ тэд ямар нийгэм оршин тогтнож болох тухай зөгнөн бичдэггүй хэрэг.Энэ нь уран зөгнөлт зохиолчдын сэтгэлгээний баригдмал чанарыг илтгээд байна уу, эсвэл одоогоор олж нээгээд буй улс төрийн тогтолцооны хаана ч хэлбэршин тогтож чадах чадавхийг илтгэж байна уу? Хэдий технологийн дэвшлийг төсөөлөн дүрслэх чадвараар гаргууд боловч өөрсдийн амьдран буй нийгмийн тогтолцоог өөрөөр сэтгэж, зохиол бүтээлээ туурвиж чаддаггүй байсан нь тодорхой цаг үе бүрт оршин буй нийгмийн хэв загвар хүний сэтгэхүйд ямар их нөлөө үзүүлдэг болохыг илтгэн харуулж байна.

Гэхдээ уран зөгнөлт зохиол цэвэр төсөөлөл, мөрөөдлөөс бүтдэг билээ. Тухайн үед нийгмийн байгууллын тогтолцооны талаар зөгнөлт зохиолчдын сэтгэж хараахан чадаагүйг бидний үр ач нар гүйцэлдүүлэх биз. Хүн төрөлтний ирээдүй тэдний өдөр тутам хийдэг их, бага хэмжээний сонголтуудоос шалтгаалдаг. Эдгээр сонголт ирээдүйг бүхэлд нь тодорхойлдог билээ. Тиймээс бид чухам аль сонголтоор ирээдүйгээ тодорхойлох вэ гэдгээ тухай бүрт нь ухамсарлан шийдэх нь өөрт оноогдсон хариуцлага, ирээдүйгээ өөр хэн нэгнээр бус зөвхөн өөрөө л тодорхойлох боломж ажээ. Ойрын ирээдүйд бид өөрөө өөрсдийгөө сөнөөчихгүй л бол өндөр хөгжих зүй тогтолтой соёл иргэншилт ертөнцөд нийгмийн байгууллын ямар дэглэмийг сонгох нь оновчтой вэ гэдгийг хожим бидний хийх мэргэн сонголт шийдэх бизээ. Ямартай ч нийгмийн тогтолцооны талаархи үнэмшилтэй төсөөллийг зөгнөлт зохиолчдоос хүлээгээд хэрэггүй нь бололтой.

Read more...

Усны төлөөх дайн

>> Tuesday, October 06, 2009

Ертөнцийн нэг өнцөгт жорлон дотроо цэвэр усан татуурга хэрэглэн тансаглаж суух нэгэн байхад, өөр нэг өнцөгт гэр бүлээ тэжээхийн тулд 5-хан литр усны төлөө хэдэн миль газрыг бэдрэн явах хүн ч тааралдах аж. Тэгш бусын зовлон гэдэг энэ бус уу? Нөгөөтэйгүүр, цэвэр усны нөөцөөсөө хамааран усыг чөлөөтэй, эсвэл хязгаартай хэрэглэх явдлыг улс орон бүр ялгаатай тогтоож, нийгмийн хэв журам болгожээ. Харьцангуй тэгш бусаар хуваарилагдсан байдаг тул олон улсын тавцанд томоохон мөргөлдөөний галыг ноцоож мэдэх зүйл нь цэвэр ус болоод буй аж. Ирээдүйд газар нутаг, ашигт малтмал, газрын тосны төлөө гэхээсээ илүүтэй цэвэр усны төлөө, энэхүү ялгамжтай хэв журмыг өөрчлөхийн төлөөх нийтийг хамарсан дайн дэгдэх нигууртай гэнэ. Бид амьдралын хором мөч бүрийг усаар хэмжих цаг удахгүй ирэх нь. Байгаль ертөнцийн хамгийн энгийн нөөц гэгдэж асан ус хэмээх бодис алтнаас ч илүү үнэлэгдэх цаг ирнэ гэхлээр нэгэн бодлын аймшигтай санагдах юм. Аль 20 жилийн тэртээ Женевийн конференц дээр Адель Дарвиш хэмээх эрдэмтэн: “Газрын тосны асуудал Ойрхи Дорнодод өнгөрсөн хугацаанд ч, өнөөдөр ч зөрчилдөөн үүсгэх хамгийн гол шалтгаан болж байна. Тэгвэл ирээдүйд цэвэр ус л энэ талбарт хүч түрэн орж ирэх вий дээ” хэмээн урьдчилан сануулж байжээ.
Өнөөдөр дэлхий дээр 1.5 тэрбум хүн цэвэр усанд шууд хүрэх боломжгүй нөхцөл байдалд амь зогоож буй гэх. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр хоёр зуу хүрэхгүй жилийн дотор дэлхий нийтийг хамрах аюул айсуй. 1955 онд л гэхэд Бахрейн, Йордан, Кувейт нийлсэн 7 орон цэвэр усны хомсдолтойд тооцогдож асан бол 1990 онд энэ тоо даруй 2 дахин нэмэгдсэн байна. 2025 он гэхэд энэ нь дахин нэг нугарах судалгаа гарчээ. Этиоп, Судан, Кени зэрэг улсуудад хэдхэн литр цэвэр усны төлөө бүтэн өдрийг зарцуулах, хэдэн миль газрыг бэдрэх нь энгийн амьдралын хэмнэл болсон төдийгүй зөвхөн цэвэр ус хэрэглэж чадаагүйгээсээ болж жил тутам 5 сая хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Дэлхийн буурай хөгжилтэй орны иргэдийн цэвэр ус хэрэглэх боломж улам бүр хумигдаж байна. Хүн ам эрс нэмэгдсэнээр өнгөрсөн зуу гаруйхан жилийн дотор усны хэрэглээ 6 дахин нэмэгдсэн нь цэвэр усны нөөцөөр баянд тооцогддог зарим орнуудад ч хувингийнхаа ёроолыг шавхах аюулын дохиог эртнээс сануулаад амжжээ.
Нийгмийн болоод улс төрийн аспектаар нь авч үзвэл усны хямралыг шийдвэрлэх шаардлага ойрын ирээдүйн хэлэлцэх гол сэдэв байх бололтой. Далайн усыг ирээдүйд шүүж хэрэглэх технологийг судалж байгаа ч давсаа хааш нь хаях вэ гэдгээс авахуулаад асуудал дундрахгүй нь бололтой. Яаж ийгээд цэвэр ус гаргаж авлаа гэхэд тэр нь нефтээс ч илүү үнэтэй эд болж хувирах магадлалтай гэнэ.
Сүх далайтал үхэр амгалан гэгчээр монголчууд бид л харин энэ талаар бодох санах зүйлгүй амьдарч байна даа. Нийслэл хотын маань ундны эх үүсвэр болсон Туул гол ширгэж, тасалдаад эхэлжээ. Орхон, Онон, Эгийн гол бохирдож, цэвэр усны хязгааргүй нөөцөд тооцогдож байсан Хөвсгөл нуурт маань хүртэл асуудал үүсээд байна. Голгүй, усгүй хот ирээдүйд юу болж хувирах бол? Жорлондоо хүртэл цэвэр ус хэрэглэдэг манайх шиг тансаг орон хэр олон бол?
Огт оргүйгээс оройтсон нь дээр гэдэг шүү дээ. Өнөөдрөөс эхлэн усаа хайр гамтай хэрэглэцгээе, үр хүүхдүүддээ хэрэглэх жаахан ч атугай ус үлдээе.

Read more...

Age of Twenty-Three

>> Wednesday, September 30, 2009

On His Being Arrived to the Age of Twenty-Three

by John Milton

(1631)

HOW soon hath Time, the subtle thief of youth,
Stolen on his wing my three and twentieth year!
My hasting days fly on with full career,
But my late spring no bud or blossom shew’th.
Perhaps my semblance might deceive the truth,
That I to manhood am arrived so near,
And inward ripeness doth much less appear,
That some more timely-happy spirits indu’th.
Yet be it less or more, or soon or slow,
It shall be still in strictest measure even
To that same lot, however mean or high,
Toward which Time leads me, and the will of Heaven,
All is, if I have grace to use it so,
As ever in my great Task-master’s eye

Read more...

Бүсгүй чи намайг үнс, үнс

>> Monday, September 21, 2009

Өнгөрсөн бүхэн хэзээ ч эргэж ирдэггүй... Оросын яруу найргийн ханхүү хэмээн өргөмжлөгдсөн агуу найрагч Сергей Есенин ийнхүү шүлэглэжээ. Өнөөдөр инээж, ханиаж, зугаацаж, цэнгэж явсан хэн ч гэсэн хэдхэн жарны дараа ертөнцийн жамаар үгүй болсон байх болно. Цэл залуугаараа хорвоог орхисон түүний бүтээл туурвилууд нь энэ бүхнийг зөгнөж байсан ч юм шиг цаг хугацааны орчилд баригдан, яарч тэвдэн бичигдсэн мэт санагддаг. “Есенин хэдийгээр Блок, Пастернакийн соёл, Маяковскийн хүчтэй дуу хоолойд “хүрээгүй” ч гэсэн тэр бүхнийг цугт нь нийлүүлж залбирлын өрөөндөө залсан яруу найрагч байсан” хэмээн Е.Евтушенко хэлсэн байдаг.

Орост “Есениний уянга” хэмээх яруу найргийн урсгал тэр үед үндэс сууриа тавьсан агаад өдгөө хүртэл эрчээ алдалгүй улам цэцэглэн хөгжсөөр буй аж. Есениний уянгыг түүний нэгэн шүлгээс мэдэрцгээе.



Бүсгүй чи намайг үнс, үнс



Бүсгүй чи намайг үнс, үнс


Бүр өвдтөл бүлээн цус нэвчтэл үнс


Омголон сэтгэл цөхөрсөн сэтгэл минь


Ондоо хүнийх шиг хэмлэж байна


Ууж дуулж наргиж суухад


Урдах дарс маань дуусах учиргүй


Хорвоод ганцхан удаа амьдарна гэдгээ


Хонгор минь чи лавтайяа ойлго


Чийг ханхалсан харанхуй манан дунд


Ууль шувуу мэт саран сүүдийж


Орчлонгийн дээгүүр эргэлдэн хөөрөхийг


Онцгойлж чи сайтар хар


Дуулах дуу минь дундарсан хэдий ч


Үнсэх хүсэл минь үүрд мөнх


Авьяас мөхөс ч түшмэл суудалтнууд


Авсанд ороосой гэж намайг зүхнэ


Тамирдаж л байгаа онгод хийморь


Тасрах л үйлтэй халуун амь!


Хатан зүрхээ зогсон зогстол


Халуухан уруулыг чинь үнсмээр байна


“Би чинийх, бие сэтгэлээрээ чинийх” гэж


Моносны навч аяар аяархан сэрчигнэх мэт


Цэнхэр туяат зүүдэн дундаа чи минь


Цэрвэж зоволгүй шивнэдэг ч болоосой


Хөөс цахарсан дарс дүүрэн энэ хундагыг


Гийгүүлэх гэрэл гэнэтхэн бүү бөхөөсэй


Алив ууя, дуулья хонгор минь


Алагхан хорвоод ахиад би төрөхгүй!

Read more...

Гэрэл зураг түүх өгүүлдэг-3

>> Wednesday, September 09, 2009

Манай оронд ардчилсан парламент төлөвшин тогтсон тэр цагаас хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Доорхи гэрэл зургууд өнгөрсөн түүхийн зарим үеийг эргэн санагдуулах аж. За тэгээд томруулаад үзэхийг хүсвэл дээр нь товшино бизээ.










Read more...

'Knowledge is Power'

>> Sunday, August 30, 2009

Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Мэри Воллстонкрафтын эцэг түүнийг бага байхад өвлөж авсан эд хөрөнгөө өөрийгөө жентельмен эр болгоход зарцуулаад, эцэст нь юу ч үгүй хоцорч байсан тухай түүх байдаг. Мань эр бүх хөрөнгөө өөрийгөө жентельмен шиг харагдуулахад зарцуулж сайтар гоёж гооджээ. Харамсалтай нь түүний мөрөөдөл биелсэнгүй. Учир нь түүнд жентельмен хүнд байх ёстой “эрх мэдэл” гэгч зүйл дутагдсан байна.
Эрх мэдэл нь хувь хүнийг, байгууллага, корпорацийг, улс орныг, дэлхий дахиныг тодорхойлж байдаг тухай Элвин Тоффлер PowerShift номдоо дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн ертөнцөд жинхэнэ эрх мэдлийг чухам юу бүрдүүлдэг тухай тэрээр тайлбарлахдаа Ф.Бэконы хэлсэн “Knowledge is Power” гэдэг алдарт үгийг онцлон үзсэн нь бий.
Нэг. Хүний түүхийн эхнээс улбаатай, бусдыг нүднийхээ харцаар хөдөлгөх чадалтай хүчирхийлэл хэмээх механизм нь эрх мэдлийг нөхцөлдүүлэгч анхны хүчин зүйлсийн нэг юм. Бусдыг дайрч довтлох, тонож дээрэмдэх, айлган сүрдүүлэхээс авахуулаад муухай харах зэргээр хүссэнээ гүйцэлдүүлэх нь доод чанарын эрх мэдэл гэсэн ангилалд хамаарах аж. Энэ эрх мэдэл өнөөдөр ч зайгаа тавьж өгөөгүй амь бөхтэй оршсоор. Энэ нь нийгмийн хөгжлийн үнэт зүйлсийг хүндэтгэн үздэггүй дарангуйлагч нийгэмд, эсвэл боломжит тогтолцоо нь хэлбэрийн шинжтэй оршин байдаг тийм улс орнуудад, байгууллага, корпорациудад, хувь хүний толгойн дотор гүн бат оршсоор байдаг гэсэн үг. Бүх юм хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө цагт ийм эрх мэдлийг хэрэгжүүлэхийг урьтал болгосон хэн ч гэсэн хариу цохилтонд өртөх аюултайг Э.Тоффлер сануулсан.
Хоёр. Эрх мэдлийг нөхцөлдүүлэгч дараачийн хүчин зүйл бол материаллаг шинж чанартай эд баялаг ажээ. Хүчирхийлэхийн оронд мөнгөөр, эд баялагаар шан харамж хүртээж хүссэнээ хэрэгжүүлэх боломжтой. Эрх мэдэл нь хүмүүс хоорондын бүхий л харилцааны хэмжүүр гэгддэг учраас сайн муу олон талтай байх нь мэдээж. Яг үүнтэй адилхан эд баялагтай хүн эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд түүнийгээ сайнаар ч, муугаар ч ашиглах боломж нь эн тэнцүү байдаг ажээ. Авлига, хээл хахуульд автсан нийгэмд хүн эрх мэдлийг мөнгөөр хэмжих боломж бүр ч их байдаг нь ойлгомжтой. Гэхдээ ийнхүү аль өнцгөөс хэмжихээ шийдэх нь тухайн хүний чадвар, боломжийн асуудал. Ийм л сайн муу шинж чанартай учраас энэ төрлийн эрх мэдлийг дунд зэргийн хэмээн нэрийджээ. Ямартай ч хүчирхийллийн эрх мэдлээс арай дээр гэсэн үг.
Гурав. Эрх мэдлийн хамгийн сайн хэлбэр тэгвэл юу болж таарах вэ? Мэдээж өмнө дурьдсанчлан Ф.Бэконы хэлсэн үг үүний хариулт болж чадна. Энэ бол мэдлэг. Эрх мэдлийн төгс хэлбэр буюу өндөр чанарын эрх мэдэл бол хүчирхийлэл, эд баялгийн тусламжтайгаар хүрч болох тэрхүү нөхцөл байдлаас илүү их боломжийг агуулдаг. Хэн их мэдлэгтэй байна, тэр эрх мэдлийг өөртөө хуримтлуулна. Мэдлэгийн хүчээр эд баялаг, хүч чадлыг (бүр хатуугаар хэлбэл хүчирхийллийг) ч нэмэгдүүлж чадна. Улс орны удирдагч, албан байгууллагын захирал, өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэйн хэн нь ч бай мэдлэгийн хүчээр эрх мэдлийг олж чадна. Энэ эрх мэдлийг олж авсан хүн бусдыг араасаа дагуулах, бусдад хүндлэгдэх, үнэлэгдэх, тэр ч байтугай өөрийн дайсныг холбоотноо болгон авах ид шидийг эзэмших боломжтой.
М.Воллстонкрафтын эцэг ингээд л жентельмен болж чадаагүй байх нь. Угаасаа хүчирхийлэл үйлдэх чадалгүй, дээрээс нь мөнгөө бараад модоо барьсан нөхөр байж л дээ. Мэдлэгийн талаар бүр ярих ч хэрэггүй байсан бололтой. Харин Монголд эрх мэдлийн аль хувилбар илүү жин дарж байгаа бол?

Read more...

Advertise

Advertise
Your dreams come true

  © Agar-Erdene's Blog This blog is contributed by Amazon and Mongolia group 2009

Back to TOP