2010/03/12

14th Bak'tun

Модон моринд хууртаж Трой хот сүйрээд
Модун Шанью морио харваж алаад
Атлантидын соёл иргэншил далайн ёроолыг чимээд
Ангараг гариг дээр нийгэм журам тогтоогүйг мэдээд
Манай гариг маш их хөгширлөө.
Миний ааш маш муухай эвдэрлээ.
Хог хаяхад л хонуут нахиалдаг хорин тэрбум настай
Хөрс шороо хүүхэн шиг цэвэршээд
Таахалзан алхаж хулгана зурам зооглодог
Таван зуун сая настай загас замаг идэж зөнөглөөд
Аврах аврал арилж алах анд ихэслээ
Ааш зангаа засахад аймаар оройтлоо.
Хол ойрыг уулзуулж хөл хөдөлгөөнд дарагдсан
Херсонесын халуун ус үзмэр болоод таван мянган жил өнгөрөхөд
Матигар сэлэмний ирийг одоо хүртэл мартаж чадаагүй
Мэхт Сартаулын Самарканд хоёр мянга таван зуу насалж "муурын байшин" шиг болоод
Хамаг юм хуучирч хаягдал боллоо.
Хайран бие минь элэгдэж хальс л үлдлээ.
Бүхнийг чадагч, ертөнцийн зөнч эзнээр
Будда, Мухаммед, Христосыг залаад
Хувь тавилан, заяа төөргөө асууж сураад
Хүсэл мөрөөдөл, зам мөрөө боолгож хаалгаад
Манай гариг маш их хөгширлөө.
Миний ааш маш муухай эвдэрлээ.

Б.Галсансүх гуай хүүтэйгээ хамт зуны үдэш уулан дээр одот ертөнцийг ажиж, харь гаригийнхныг хүлээн суухдаа дээрх шүлгээ бичсэн юм байх. "Постмодерн дөрвөн улирал" хэмээх дажгүй нэгэн номдоо тэгэж бичсэн байна лээ. А.Эйнштейн Атлантидын соёл иргэншил байсныг хүлээн зөвшөөрсөн гэдэг. Угаас байгаль дэлхий гэдэг өөрийн жам ёсоор "их цэвэрлэгээ" гээчийг хэсэг хугацааны дараа хийдэг гэх. Их цэвэрлэгээ хийх цаг болсныг яруу найрагч энэ шүлгээрээ илэрхийлсэн ч юм бил үү.
Их цэвэрлэгээ гэснээс эртний маяачууд үйл явдлыг урьдчилан таамаглах, зөгнөхдөө гаргууд байсан гэж түүх сударт тэмдэглэсэн байдаг шүү дээ. Тэд гариг эрхэсийн байрлал, Нар, сарны тооллыг яг таг гаргаснаар зөн билгийн гэмээр тооцоолол дээрээ үндэслэн огторгуй ертөнцийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан харж чаддаг байсан гэдэг. Маяачууд манай эриний өмнөх 3000 гаруй жилийн тэртээд Long count calendar хэмээх бичгийг бүтээж k'in, winal, tun, k'atun, bak'tun хэмээх тооллын систем ашиглан хүн төрөлхтний нэгэн үеийн амьдралын үечлэлийг гаргаж байжээ. Жишээлбэл, 1 k'in нь 1 өдөр, 1 bak'tun нь 144000 өдөртэй тэнцэх гэх мэт. Long count calendar гэгч маань манай эриний өмнөх 3114 оноос эхэлсэн ба хүн төрөлхтөн нийт 13 bak'tun-ыг туулсны эцэст 14 дэх bak'tun эхлэх цаг хугацаа 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдөр, аль эсвэл 23-ны өдөр тохиох ажээ.
Бурхан төгс төгөлдөр дэлхий ертөнцийг бүтээх 4 оролдлого хийсэн бөгөөд эхний гурван удаагийн оролдлого үр дүнд хүрээгүй ба 4 дэх оролдлогоор хүн үүсэн бий болсон гэдэг. Харин 5 дахь удаагийн оролдлого эхлэх цаг хугацаа нь маяачуудын тоолол болох 14 дэх bak'tun эхлэх үетэй давхцан таарч байгаа гэж ч тайлбарладаг.
Энэ бүхнийг үндэслэн 2012 онд манай Дэлхий дээр их өөрчлөлт явагдах бөгөөд буй бүхэн үгүй болж, шинэ бүхэн бий болох үйл явц эхэлнэ хэмээн өөр хоорондоо ярих болсон юм гэнэ. Яг юу болох гээд байгааг нь сайн мэдэхгүй ч Бархасвадь шиг хэмжээний Нибирү гэгч биет Нарны системийг дайран өнгөрч, энэ нь Дэлхийн тэнхлэгийг өөрчилж, туйлууд солигдох хэмжээний аюулыг тарина хэмээх нэг хэсэг, Нарны идэвхижил урьд хожид байгаагүй нэмэгдэж, тэрийг манай гариг тэсч чадахгүй үрэгдэж мэдэх юм гэж таамаглах нэг хэсэг /NASA-гийн таамагласнаар 2013 онд нарны идэвхижлийн үе тохиож магадгүй аж/, Сагитарус хэмээх асар том хар нүх, Нар хоёрын харилцан үйлчлэлийн нөлөө Дэлхийг сүйрүүлнэ хэмээн ярих нэг хэсэг байх. Эдгээрт итгэхэд ч хэцүүхэн л байна.
Эрдэмтэд тэр үед тийм ийм зүйл тохиолдоно гэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг байн байн сануулах, өнөөх маяачуудын судар бичигт цаг тооллын нэг үе дуусч, нөгөө үе эхэлнэ гэснээс бус галав юүлэх тухай юу ч үгүй хэмээн тайтгаруулах. Ямартай ч ийм яриа үүдсэн нь өнөөх bak'tun-ы үечлэлээс л хамааралтай байх.
Нэг шүлгээс болж илүү дутуу баахан юм биччихэж. Их цэвэрлэгээнд өртчихгүйхэн шиг л жамаараа үхэх юмсан гэж, хэхэ.

4 comments:

Номинговь said...

Амны билгээс ашдын билэг гэж муу ёр зөгнөсөн кинонд дургүй байдийн тэгсэн хэрнээ л үзээд байдаг уу. Халдварт өвчин тархаж бгаа кино хийгээл жинхэнэ дээрээ өвчин гараад, газар хөдлөл гай гамшиг гэж кино хийгээд тэр нь биелээд... Гэхдээ hopefully 2012 онд дэлхий сүйрчихгүй байгаасай да. Хийх юм их байхад гсн хэхэ.

Woman of Dignity said...

Aimaar shuleg bnshd. Etsiin etsest humuus l uursduu iim zuil ruu tulhej bga shd. Ter naran sarnaas bolood suirvel ch yahav gehsen. Uursduu baigal delhiigee taramdaj taramdaj eneneesee bolood uhvel haramsaltaiya.

Anonymous said...

Ugui biz

MW said...

Номинговь андад: Харин тийм. Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна гэгчээр 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг үзээд сууж байна гэдэгтээ итгэлтэй л байгаа.

Woman of Dignity андад: Харин тийм. Шүлэг нь таалагдаад, тэгээд пост болгоод тавьчихья гэж бодсон чинь хадуураад явсан байна лээ.

Anonymous-т: Харин тийм.