2010/06/11

World Cup 2010

Миний санахын 1990-ээд оны эхээр жаахан бацаан байхдаа NBA-гийн улаан фэн байлаа. Зогсоо зайгүй үзнэ. Тэр үед Houston Rockets баг миний дэмждэг ганц баг, Hakeem Olajuwon шүтээн минь байв. Түүний спин эргэлт энэ тэрийг үзээд л биширдэг байж дээ. За тэгээд л season дуусаад play-off эхэлбэл бүр алгасахгүй үзнэ. 1995, 1996 онд өнөөх пуужингууд маань аварга болж байсан санагдана. Тэр үед Shaquille O'Neal, Penny Hardaway нар ид гарч ирж байсан. Orlando Magic-ыг манай пуужингууд 4-0 дэж байсан юмдаг.
Тэгэж байтал мөсний хоккей гэдэг юманд нугасгүй дуртай болов. 1997 оны үед гэхүү дээ. Detroit Red Wings, Colorado Avalanche гэх мэт супер багуудын тоглолтыг алгасахгүй үздэг болов. Тэр үед улаан жигүүрүүдэд оросын тавт мандаж байсан цаг. Colorado-д болохоор Peter Forsberg юу чаддагаа үзүүлж байсан юмдаг. Нэг спорт сонирхохоороо нөгөөдөхөө тэр чигт нь орхидог дутагдалтай. Нөгөө сагсан бөмбөг маань бүр хаягдсан.
Дараахан нь F-1-ийн фэн болов. Michael Shumacher, Damon Hill, Jacques Villeneuve нарын гал гарсан уралдааныг үзээд хоккейгаа болив. Би ямар юмаа хийж ийм дэмий юм үзэж байваа гэж боддог байв.
1998 онд Францад хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээн болсон тэр цагаас хойш хөлбөмбөгт дурлаж, одоо хүртэл үнэнч хөгжөөн дэмжигч нь, улаан фэн нь хэвээр явна. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг үүнээс цааш спорт үгүй бололтой. Бусад спортыг хааяахан үздэг ч гэлээ хөлбөмбөг бол Number one ажээ. Зүгээр ч нэг үзэхгүй үзсэн шиг үзэж, дэмжсэн шиг дэмжинэ. Бас энэ спортын талаархи мэдлэгээр хэнээс ч дутахгүй. Ер нь илүү л гэж ярина хэхэ. Ямартай ч олон арван спорт үзэж сонирхож байсны эцэст эд бүгдээс хамгийн шилдэг нь хөлбөмбөг л гэж баттай хэлнэ.
Дөрвөн жил хүлээсний эцэст арай гэж нэг юм болдог энэ тэмцээнээ өнөөдрөөс эхлээд найз нөхөдтэйгээ, хамаатан садантайгаа суугаад үзнэ дээ. Эхний тоглолт Мексик-Өмнөд Африкийн багуудын хооронд болох нь. Мексик гэснээс хэдэн жилийн өмнө дэлхийн цомын тэмцээн дээр Мексикийн шигшээ өрсөлдөгчөө ялсанд баярлаад тэндэхийн нэг онц дэглэмтэй шоронгийн хуяг баярласандаа агаарт баахан хий буудаж, бүр давраад бүх хоригдлуудаа суллаад явуулчихсан гэдэг. Дараа нь нөгөө нөхрийг шүүх хурал болсон чинь харин эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулсан үйлдэл гэж үзээд ял шийтгэлгүй үлдээсэн гэж байгаа.
Хүн амьдралынхаа туршид олон аялал хийдэг. Спортын тухайд хөлбөмбөг эцсийн зогсоол ажээ.

1 comments:

Номинговь said...

FIFA 2002 -iig l ih shamdan uzej baisan yum. Turk neleen sain togloson bolood ch teruu, ugaasaa Turked baisan bolhoor ergen toirniihon hul bombogoor amisgalahaar ooriin erhgui tatagdaj ordog yum bile. Ene jil harin zav bolood tsag ni taarval uzcheed bgaa.